Wednesday, May 5, 2010

4. "Түвд нэртэй, европ шляптай".

Нийтлэлч Алхан Болд. 2009 он. No.4. "Түвд нэртэй, европ шляптай".


"Оршуулгын" үеээр: Бадамдорж,  Пунцагцэрэн, Цэрэндорж, Цэдэнсодном, Пунцагдорж, Гончиг Жамьяндорж, Сэлнэндожил, Пунцагравдан, Цогт-Очир, Лувсанбалдан, Доржцэрэн, Дэмчигванжил, Навааннэрин, Цогбадрах. 
/13 түвд, 1 түвд/монгол эрлийз, 1 монгол уу?!/
 Энэ бол 1919.11.17-нд Монгол маань сайн дураар Хятадад нэгдэв хэмээн гарын үсгээ зурсан Богд Хаант Монгол Улсын 5 яамдын сайд нарын нэрс. Нэрээр бол Цогбадрахаас бусад нь түвдүүд.

Өвөр монголчууд харийн/түвд/ нэрүүдээс 96% татгалзжээ: 2009.8.07-нд "Одон" ТВ-ээр дамжуулсан бөхийн барилдааны дундаас миний бичиж авсан 72 өвөр монгол бөхийн нэрс бараг бүгд/96.5%/ монгол байв: -Идэр, Цагаанбагана, Насанжаргал, Заяа, Баганаа, Эрдэнэбагана, Дүүрэн, Хөгжилт, Гэгээрэх, Баянмандах, Энхбат, Жаргал, Баянтунгалаг, Журамт, Эрдэнэ, Алтансүх, Шинэбаяр, Баяндүүрэн, Өлзийхутаг, Хувьсгалт, Сайн-Эрдэнэ, Хүсэл, Тогтох, Шижир, Бүрэнтөгс, Батуу, Эрдэнэмөнх, Нарангэрэл, Буянт, Цогмандал, Өлзийдалай, Саранмандал, Баянбулаг, Хас-Эрдэнэ, Ядамжав, Од-сар, Готов, Төмөр, Төгсжаргал, Баатар, Сайн-Ерөөлт, Өлзийбаатар, Мийдалай, Чулуунбаатар, Чинзориг, Өрнөлт, Бөөлөг, Жаргал, Батсүх, Дүүрэн, Хишигдалай, Баярбаатар, Сандүүрэн, Доржбат, Хадаа, Эрдэнэбулга, Билгүүндалай, Улаанбар, Ганхуяг, Нарс, Аянга, Мөнгөнхуяг, Оюунбат, Бөхбаяр, Нарсуу, Баяннамар, Рааш, Хөхөө, Бат-Эрдэнэ, Сайнбаяр, Отгонбаатар, Цолмонгэрэл, Баярт, Түмэн, Цогт... Энэ бол, хужаа болсон гэх шахуу бидний заримын ярьдаг өмнөд ах дүүс маань үндэстний бүрэн мэдрэмжтэй байгаагийн нэгэн том баталгаа.

Гэтэл тусгаар тогтносон Монгол Улс дахь монгол залуусын дөнгөж 65-70% нь монгол нэртэй байна. Нэрээр бол, Монголд одоо 1 сая гаруй түвдүүд буй. Буриадуудын 80% нь түвд/оросын "эрлийз"-үүд. Монгол "оюуны хомсдол"-д орсон буриадууд Саяна гэхээс өөр "монгол" нэр олж чадахгүй байна.
Амар, Баясгалан хөвгүүдийн нутагт хийд байгуулж "хүн бүрийг Лувсан банди, хүүхэн болгоныг Дулмаа" болгосныг шашинд дургүй социализм нилээд монголжуулсан билээ. Гэтэл 1990-ээд оноос Монгол Улс, Буриадад -үндэстний ухамсараа сэргээе- гээд эргээд түвджсэн нь хачин. Буриадуудын зарим нь түвд, монгол нэрийг ялгаж чадахгүй болтлоо төөрчээ. Жишээ нь, нэг буриад бүсгүй "-Би хүүдээ Данзан гэж монгол нэрийг өгсөн" хэмээн маргалдан 3 настай хүүгээ Данзушка буюу түвд-оросын эрлийз мэт дуудан өсгөж байна. Манайд Давка гэдэг шиг.
Өөрөөр хэлбэл, монгол биетэй, түвд "толгойтой" хэвээр байвал монголын үр сад ирээдүйд яаж өөртөйгээ зөрчилгүй явах билээ. Үүний нэгэн адил, баяр ёслолоороо дээлээ өмсөж, толгойдоо испани, шотланд шляп-испани тавьчихаад бид: -Монгол үндэстнийхээ хувцсыг өмслөө- гэж гадныханд ярьдаг. Гэтэл тэд лавтайяа "- Манай малгайг эд нар өмсчихөж!!! Монголчууд арай олон мянган жил толгой нүцгэн явсан юм биш биз ?!"- гэж гайхдаг байх. Түвд нэр, испани малгай бол тэдгээр ард түмнүүдийн соёлын өв. Эмээл, дээлээ харамлан гүйдэг манайхан энийг мэдмээрсэн дээ.  Саяхан Сүхбаатарын талбайд, дээд монголчуудын өмсдөг түвд хувцсыг монгол үндэстний хувцасны үзүүлбэрт шалгаруулж байна лээ. Түүнийг буриад хувцас хэмээн нилээд зарласан. Түвдүүд ЮНЕСКО-д заргалдах вий. Хүнээс хулгайлснаа мартчихаад шляп бол монгол үндэстний малгай, одоо бүртгүүлнэ гэж бид  дэлхийд онигоо болох вий дээ.
Туйлын баялаг хэлтэй, тоогүй олон сайхан хувцастай, малгайтай мөртлөө, монголчууд бид яахлаараа тэнгэрээс дөнгөж хувцастай, толгой нүцгэн, дуудах нэр ч үгүй бууж ирээд Дорж, Дулмаа болж, нилээд сүүлийн үед нэг шляп олж өмссөн мэт аашилдаг юм болдоо.
Төрөлх нэрсээ орхисны гай, хор их. Жишээ нь, "Монголын нууц товчоо"-нд байдаг газар, гол, хүний нэрсээс одоогийн Монголд байгаа нь даанч ховор. Юу сайндаа л, зарим казакууд "-Та нар Чингисын удам юм бол "Ариун бичээс"/"Монголын Нууц Товчоо"-г хэлж байна/-д буй нэрүүд чинь хаана байна?! Жавзандамба, Сормууниршийн Дашдендев, Юмжаагийну Цеденбалу маягын нэрс тэнд алга. Манай казакууд шиг 7 үеээ мэддэг монгол байна уу?! Хэнтий хан уулаа та нар саяхнаас Бурхан Халдун гэлээ шүү дээ!" хэмээн онгирч байх вэ дээ. Тиймээ, монголчуудын ихэнхи нь, өвөг дээдэс шигээ 9 үеээ дуржигнуулах битгий хэл, дөнгөж 3 үеээ л мэдэж буй. Гэхдээ тэр казакууд дутуу бодож байна. Нэрээр заргалдвал, Юмжаагийн Цэдэнбал маань цэвэр түвд хүн, Нурсултан Назарбаев нь перс, казак, оросын эрлийз мэт болно. Эсгий туургатны нэг нь түвджиж, нөгөө нь лалжиж, оросжиж дээ.
Хэдийгээр саяхныг хүртэл киргиз байсан казакууд: "Čiŋķis-qağan-no huĵaur Deere Teŋķeri-eče ĵayaatu toreksen Borte-Čino aĵuu. ķerķai ino Qoai-Maral aĵiai. Teŋķis ķetulĵu ireba. Onan-muren-no teriune Burqan-qaldun-na nuntuqlaĵu, toreksen Bata-Čiqan aĵuu" гэдгийг уншаад огт ойлгохгүй мөртлөө ийнхүү муйхарлаж буй. Гэнэт олдсон тусгаар тогтнолоо зарим казакууд шингээж ядан байгаа нь энэ юм байлгүй. Монголоос том нутаг, олон хүнтэй Казакстанаа хараад тэд хөөрөө ч биз. Арчаагүй байдлийг маань тэд харсандаа ч биз.
"-Нэрлэвэл сүнс нь уурлана, түгшинэ" хэмээн манж, түвдүүд ухуулснаас болж монголчууд уул ус, өвөг дээдсийнхээ нэрийг хэлэхээс хэдэн зуун жил цээрлэсний гайгаар 13-р зууны нэрүүд оргүй мартагдаж, ихэнх уул Хайрхан, хөндийнүүд Цайдам болж, хожим зарим нь "Хасагт Хайрхан"/казакууд түр байрлаад явсны дараа/, сүүлдсэн нь "Кабинтай толгой" гэгдэж, Есүхэй баатрын удам Лувсан лам, Мандах хатных нь Дулмаа болсон билээ. Их Хааны үед Богд Хан гэх уул мэдээж байгаагүй.
Есөн үеээ нэрлэх битгий хэл, бид нэгийгээ өөд болонгуут л танихаа больж, "талийгаач" гэцгээн, нэрийг нь мартаж эхэлнэ. Манайхан "талийгчтай" зүүдэндээ ч тааралдахаас айн цэрвэдэг.
Сүнс байдаг бол, нэрээ хэлүүлсэндээ бус харин хэлүүлээгүйдээ гомдох бус уу?!
Уул, давааны нэрийг асуухад айгаад хэлдэггүй хүн одоо ч олон. "-Мягмар гаригт, жас өдөр замд гарвал муу!" хэмээн монголчуудыг айлгачихаад харийнхан өөрсдөө амьтан хүний чөлөөгөөр ажлаа сайхан амжуулсаар ирсэн ажгуу.
Хэдэн жилийн өмнө Англи дахь Монголын консул гэх эр БиБиСи-гээр "-Монгол хүн бүр 9 үеээ мэддэг байсныг оросууд ирээд болиулсан- гэж ярихыг би сонсож билээ. Үнэн үү?! Харамсалтай нь, цагаан, улаан оросуудыг ирэхэд монголчуудын 97 хувь нь 9 үеийнхээ нэрийг наад зах нь 220, цаад зах нь 500 жилийн өмнө мартчихсан, дуртай дургүй нэрээ хэлж, заримдаа ердөө Пү, Жа, Цэ гэцгээж байв//одоо ч гэсэн аав ээжийн хайрласан нэрийг таахын аргагүй, Пүү-жий, Ганаа, Жагаа, Цэеэ, тэр ч бүү хэл, Баас-ка энэ тэр гэж буй. Эвгүй ч орчуулагдаж мэдэхээр//. Харин манжийн колони болоогүйнх буриад хүн бүр  9 үеээ дууддаг байв. Учир нь, ахмадууд тааралдсан газраа хэний ч хамаагүй хүүхдээс угийг нэрлүүлэн шалгалт авдаг уламжлалтай байв. Монголд дүрвэн ирсэн буриадууд  тэр үед хонио хариулж  яваа халх хүүхдүүдээс "-Чи хэний хүүхэд вэ?" гэж асуухад өөдөөс "Хэлдэггүй" хэмээн аавынхаа ч нэрийг хэлэхээ больсон байв. Барон Унгерн Чингис Хааныг сануулж, дараа нь улаан оросуудын хатгаасаар 3 үеийн намтар нэхэгдсэнээр монголчууд өвөө эмээгээ эргэн сонирхсон билээ. Ажил, сургуульд орох хүн бүр 3 үеийнхээ 5 хүний нэрийг төдийгүй намтарыг бичих ёстой болсон. Харин, тэднийгээ "баян", "лам" явсан бол "ард" хэмээн гүрийдэг байв...
Ардчиллын "ачаар" монгол хүн эргээд 1 үеээ л мэддэг болж, өөрөөсөө төрсөн мэт аашлахдаа дэлхийнхнээс ч ичихгүй байна.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болохоос нааш манайхан эцгийнхээ ч нэрийг/2 дахь үе/ хэлэх албагүй болж, гадныхаар бол О.Барак, П.Владимир, Н.Нурсултан хэмээн явдаг болж.
Тэгсэн атлаа, ургын овгоо сэргээнэ хэмээн дуртай нь "Боржигон" болж, дургүй нь овогийг зохиож, биеээ тоосон зарим нь Баабар гэхчлэн өөрөөрөө овоглож өвөг дээдсээсээ ах болжээ.
Самандын Жавхлан мэтийн цөөхөн залуус л эцгээ "нуухгүй" явна. Жишээ нь, нэрт сэтгүүлч Гүрбазарын аав нь "Ш" гэхээс илүүг бид үл мэднэ. Гудамжид яваа хүүхдүүдээс -Өвөөгийнхөө нэрийг хэл-гэвэл хэлж чадах нь хэд бол? Бид ургын овгоос гадна, ядаж эцгийн нэрийг хаялгүй "Энхбатын Ууган", бүүр болж өгвөл "Н. Энхбатын Ууган" гэхчлэн явмаар юм.
Та өөрийгөө Э.Ууган гэхэд хэн таних юм бэ, олимпийн аварга л биш бол, хэрэгцээгүй байваас таныг УИХ-ын гишүүн байсан ч танихгүй.
Зөвхөн өөрийн нэрийг бус, эцгийн нэрийг дуудуулж явах нь хүнээс хариуцлагыг шаардана. Эцгийн нэр заавал дуудагддаг бол хүн хулгай хийх, заваарах, луйвардахаасаа өмнө тэнэг л бус бол юм бодно.
Цаашид монгол хүүхдүүд 9 цагаан лонхыг тоолж байснаас, өөрийн уг буюу 9 үеээ нэг амьсгаагаар нэрлэж сурмаар. Хүн бүрт л 9 байтугай үе бий шүү дээ. 
"Ирээдүйд мэндлэх үрсийг маань зөвхөн монгол нэрс нь хүлээж байг !!!
 Одоо хөдөөний айлд очиход монголчууд маань голдуу европ хувцастай байхыг үзэж болно. Өвөлын хүйтэн, хаврын хавсаргаар л тэд өөрийн эрхгүй дээлээ өмсөж байна. Намайг багад зөвлөлтийн сэтгүүлүүдэд Kиргиз, Буриад, Тува, Казахстаны малчдын пальто, костюм, пиджактай гэрэл зургууд гардагсан. Их л хачин зохимжгүй эвгүй харагддаг байв. Одоо Монголд малчид маань тиймэрхүү хувцасладаг болоод өөрсдөө ч аль хэдийн дасч. Монголд тэтгэвэртээ суусны дараа  малчин бологсод олширсон. Тэд монгол хувцаснаас төсөөрсөн үеийнхэн....
Өвөг дээдсийн маань өдөр тутмын хувцас одоо зөвхөн наадам, концертод л өмсдөг л гялгар, чамин эд болох нь уу. 1970-аад онууд гэхэд л Хэнтийн бу олон буриад сумдад хүүхдүүд буриад энгэртэй дээлийг "концертийн хувцас" гэж ярьдаг болсон байв гэдэг.

Би саяхан Төв аймгийн нутагт нэгэн малчин эмэгтэй буриад малгай өмсчихсэн байхтай таарав. Энэ малгайг Хятадын шинэхээн буриадууд их өмсдөг юм. Тэр эмэгтэй- Манай энд их өмсдөг болоод байгаа гэж ярьж байв. Гэхдээ ийм мэдээ ховор.

Сонгууль ойртож байгаагынх юм байлгүй. 2015 оны 6 сард "Малчин эмэгтэйчүүдийн улсын Анхдугаар Зөвлөлгөөн"-ийг Улаанбаатарт зохион байгуулж 5000 эмэгтэйг сонгон урьж оролцуулав. Онцлого нь тэдэндээ Хятадуудаас худалдан авчирсан нь мэдээж яг ижилхэн 5000 дугуй европ загварын малгай өмсгөв.

Баяр, наадам болохоор манайхан хаан, хатны хувцас, бүсээр гоёхыг нь яана. Тийм олон мянган хаан Монголд байсан бил үү? Хаадын хувцастай, хямдхан европ шляптай монголчууд.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.