Wednesday, April 29, 2020

85. "Cуух, яарах тэмцэх....".

/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд. 85. "Cуух, яарах тэмцэх....".

/...Яахав, Япон гэх мэт хүчирхэг том орнууд иргэдээ татлаа гэсэн мэдээлэл гарч л байсан. Гэхдээ манайх шиг хүнээ авах гээд зорьж ирсэн ийм жижиг улс үнэхээр байхгүй.../ 
Нөгөө мөнгө, материалыг л яриад байна. Нөгөө л, буддын шашны нөлөөгөөр үүссэн  өөрийгээ, өөрсдийгээ доорд үзэх сэтгэхүй.

Уугуул нутгийнхаа 75%-ыг  алдсан ч өнөөдөр дэлхийд 19-р том нутагтай Монгол Улсын монголчуудын амны уншлага нь "-манай Монгол жижигхэн". 
Гадаадынхан монголчуудын ингэж ярихад гайхдаг. 

Гэтэл дэлхийнхэн аливаа улс, үндэстнийг, бас түүний ирээдүйг нутаг дэвсгэрийнх нь хэмжээгээр нь, түүний санаархлаар нь хэмждэг.

Хэдэн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх залуу - Монгол Улс энд тэнд шоволзоод байх хэрэггүй- хэмээн ТВ-ээр зөвлөж байв. Шоволзох= хүүхэд, жижиг амьтан нуугдан толгойгоо цухалзуулахыг хэлдэг. Баавгай, чоныг цухуйв гэхээс биш, шоволзов гэдэггүй. Тэхлээр, тэр ноёныхоор бол, Монгол Улс туулай шиг жижиг улс, тийм учраас хяран хэвт гэв үү?.

Монгол баавгайн дайтай дүнхийхээ болиод удсан  ч,  дэрсний цаана нуугдчих туулай болчихоогүй байна. Монгол Улс өнөөдөр банхарын дайтай биетэй байна.

/...Яахав, Япон гэх мэт хүчирхэг том орнууд иргэдээ татлаа гэсэн мэдээлэл гарч л байсан. Гэхдээ манайх шиг хүнээ авах гээд зорьж ирсэн ийм жижиг улс үнэхээр байхгүй...
...Би 22 хоногийн ариун цэврийн сургалтад суусан юм шиг л болсон. Шалны мод хугарчихсан байхад түүнд гомдоллохгүй мөлхөж, өрөөний жорлонг хүртэл гэртээ аяга таваг угааж байгаа мэт зүлгэх тэр асрагч ариутгагч эгч нараас маш их зүйл сурсан.../
https://ikon.mn/opinion/1v7w

Гэтэл яарах ёстой болохоор монголчууд яарахгүй, бүүр  удаашрана, бараг л биеээ үнэлээд суучихна. Үндэснийхээ эрх ашгийн тухай яриа болбол манайхан ойлгохгүй түвд ном, фин үлгэр сонсож буй мэт  гөлийчихнэ...Оршихын төлөө эдийн засгийнхаас өөр ямар ч тэмцэл хийдэггүй монголчууд манжуудын мөхлийнхөө өмнө үзүүлж байсан шинжүүдийг харуулж эхэлсэн мэт. Манжууд бараг 300 жил хятадуудыг дарлаад юунд хүрэв. Өөрсдийгөө үгүй хийсэн. Манжууд яарсан ч яарсны нь хэрэг гарсангүй. Монголчууд бас яарч Египет, Вьетнам хүртэл дайтсан ч түүнийх нь хэрэг гарсангүй.


Социализмын үед оновчгүй ч гэсэн монголчууд нэгдсэн үзэлтэй байсан. Монголд ямар үзэл бодолтой нь мэдэгддэггүй, эсвэл ямар ч тогтсон, нэгдсэн үзэлгүй, тэр ч бүү хэл сүүлийн уншсан, сонссон юмаар үзлээ хийдэг хүмүүс бий. Монголчуудад олон ургалч үзэл зохихгүй бөгөөд энэ нэрээр үндэстнийг задалсаар байна. Олон ургалч үзэл гүүр барих, ноос самнахад хэрэгтэй ч үндэстнээ хамгаалахад  олон ургалч үзэл байж болох үү? Үндэстний язгуур эрх ашгын төлөө тэмцэлтэй монголчууд тааралдахаараа дорхноо хулхидах, хойш суух байдал руу орж “-тэгж байгаад яриарай, яриарай, тэгж байгаад уулзая” хэмээн зугтаах аяс руугаа орно.

Хэлэн дахь удаашрал: Монголчууд дэмий, олон сул яриатай. Урт хэллэгүүдийг богиносгож, хүүхдэд аль болох богино нэр өгъе. “Цахим” гэж богино үг зохиосон нь оновчтой болсон. Энх гээд л болох байтал “энх тайван” хэмээн сунжирсан. “-д талархал илэрхиййлье – гэхийн оронд “-талархал илэрхийлэх нь зүйтэй гэж бодож байна” хэмээн шаардлагагүй удааширдаг. Жишээ нь, "энх" гээд үг байсаар байтал заавал уртасгаж "энхтайван" гэх, "албан борлуулагч" гэхэд л хангалттай байтал "албан ёсны гэрээт борлуулагч" хэмээн удаашрах гэх мэт. "Баярлалаа" нь байсаар байтал заавал "За баярлалаа" гэцгээн удааширдаг.  Монголчуудын бодлыг удаашруулж байгаа “за яахав дээ”, “болох байлгүй дээ” гэх мэтийн хэллэгийг монгол хэний үгсийн санаас хасах хэрэгтэй. Хэт урт, болхи нэр, хэллэгүүд монголчуудын амьдралын эрчмийг удаашруулж байна.

Бүх дэлхий Хятадыг ганцхан үгээр "China", "Китай", "Cina", "La Chine" гэдэг атал манайхан "Бүгд Найрамдах Хятад Ард Улс" хэмээн нойр хүргэмээр удаан дуудахыг нь завтай байна гэх үү, бялдуучилж, дотносож байна гэх үү.

"Удаан" спортыг халах: Бөхчүүд тэврэлцээд бясалгаж, зүүрмэглэж байгаа юм шиг хөдлөлгүй удаан зогсдог нь үндэстний сэтгэхүйд муугаар нөлөөлж байна. Өөрөө хөдөлгөөний дутагдалд орсон барилдаан, спорт гэж байж яаж болох билээ. Монгол бөх чинь өвөг бидний дээдсийн үүсгэсэн тулааны урлаг байсан. Гаднын тулааны урлагын сэтгүүлүүдэд манай барилдааныг оруулсан байдаг. Дайчин гарал үүслийг маань нь бодсон хэрэг биз. Гэтэл гадныхан Монголыг ирж зарим бөхчүүдийн унтаа барилдааныг үзээд гайхдаг, сэтгэл жаахан гонсойдог. Манай удаан барилдаан яав ч тулааны төрөлд багтахгүй мэт. Юу сайндаа л тэдний хөтөч номуудад гол төлөв хэн нэгэн шалхайсан харвинтай бөхийн зургыг тавьсан байдаг нь үүний илрэл боловуу. Монгол бөхийг хурдтай, идэвхтэй, байнга хөдлөхийг шаардсан /10 секундээс дээш хөдөлгөөнгүй зогсвол шууд торгодог тулааны спорт болгох хэрэгтэй. Амалдагыг бүр мөсөн халж, зөвхөн оноолтоор барилдуулдаг болбол монгол эрийн язгуурын араншинг хордуулж байгаа найраа алга болно. Одоо эхлүүлээд буй дэлхийн монголчуудын барилдаанд унтаа барилдааныг татан оруулж яав ч болохгүй. Дэвэлт нь л гэдэстэй бөхчүүд хийж чадахааргүй болгох хэрэгтэй. өвөрмонгол барилдаанд гэдэстэй бөх барилдахад хэцүү. Нум сум харвахдаа ч хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй байг, эсвэл хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй байдлаас онож байж сая эрхий мэргэн гэгдэж байвал яасан юм бэ. Манай өвөг дээдэс үхсэн, унтсан, татсан дайсантай тулгарна гэж хөдөлгөөнгүй байг харвах сургууль хийж яваагүй болов уу.

Төрийн Дуулалыг хурдатгахаас эхлэх: Амьдралын шаардлага, ирээдүйн дуудлагаар Монгол Улсад байгаа нойрмог бүхнийг сэрээх, удаан бүхнийг түргэтгэх үйлсийг юуны өмнө Төрийн Дуулалаа одоогийнх шиг хэт удаан, нойрмогоор гүйцэтгэдгийг болиулж, харин илүү түргэн эрчимтэй болгож үндэстний сэтгэхүйд нөлөөлөхөөс эхлүүлъе. Казакстаных эрчимтэй цоглог. Манайх шинэ аяыг зохиох хэрэггүй. Одоогийнхоо түргэсгэхэд л болно. Төрийн дуулал бол монгол хүний бүрээн дуу байх учиртай. Жишээ нь, Чеченүүд цаг үеийн шаардлагаар төрийн сүлднийхээ хэвтээ чоныг, өндийж буйгаар өөрчилж байсан. 
Урьд нь бөөгийн түргэн эрчимтэй хөдөлгөөн, баатруудын бүрээн дуу мэт нь монголчуудыг хурцалдаг байсан бол одоо. Буддын шашныг шүтсэнээрээ болдог бол түвдүүд өдийд цэнгэлийн манлайг эдлэж байх ёстой.