Баатарууд-5


 Монголын хилчин Бэгзийн Гиваан 1926 онд одоогийнхоор Увс аймгийн Өлгий сумын Тогтохын шил гэдэг газар төржээ. 1934-1938 оны хооронд Өмнөговь сумын бага сургуульд сурч төгссөн. 1946 оноос цэргийн албанд татагдсан. 1948 оны 7 сарын 8-ны өглөөний Байтагбогдын тулгаралтанд Гоминданы илт давуу хүчтэй байлдахдаа түрүүч цолтой, тасгийн дарга байв. Нэгэн толгойн оройгоос илт давуу тоот дайсныхаа эсрэг Даваадорж, Тэгшээ нарын хамт байлдсаар эцэстээ алагдсан. Б. Гиваанд 1949 оны I сарын 28-ны УБХ-ын Тэргүүлэгчдийн 6-р тогтоолоор "Байлдааны гавъяаны улаан тугийн одон", 1971 оны X сарын 13-ны АИХ-ын Тэргүүлэгчдийн 200 тоот зарлигаар "Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар" цол нэхэн олгожээ.[1][2]
Түүний хөшөө Увс аймгийн төв Улаангомд байдаг ба хөшөө сүндэрлэх талбайг Гиваан баатрын талбай хэмээн нэрийддэг.


Харуулын дарга, ахлах дэслэгч Хаянхярваагийн дохиогоор хилчид дайсны хүч давамгайлсан давшилтын эсрэг гал нээж, Б.Тэгшээгийн хөнгөн пулемётын галаар дайсныг хиар цохиж байжээ. Б.Гиваан, Л.Даваадорж нар ч винтовоор дайсныг устгаж байлаа. Дайснууд гол хүчээрээ Б.Гивааны удирдсан хэсгийг устгахаар дайрсаар нэлээд ойртон ирсэн байна. Ийнхүү хүч тэнцвэргүй тулаан дөрвөн цаг гаруй үргэлжилж, дайснууд ч тэдний зүг галаа төвлөрүүлэн дайрч байлаа. Дайсныг галлах үед пулемётчин Б.Тэгшээгийн баруун хөл их бууны суманд өртөн өвдгөөрөө тасарч, хэдэн шөрмөсөндөө тогтож байсан аж. Түүний шархыг Л.Даваадорж боож өгөхөөр очсон боловч боох арга байгаагүй гэнэ. Улмаар зүүн мөрөндөө хүнд шархадсан ч дайсны олон хүнийг нөгөө ертөнцөд илгээжээ. Тасгийн дарга Б.Гиваан өгзөг, хонгондоо шархадсан бол, Л.Даваадорж зүүн гар нүүрэндээ хүнд шарх авчээ.

Гэвч тасгийн дарга, түрүүч Б.Гиваан “Дайсныг нэг ч алхам урагшлуулж болохгүй, давшиж ирсэн бүхнийг устга” хэмээн хоёр нөхөртөө тушаан галласаар сүүлчийн сумаа дуусгасан аж. Дайсан 25-30 метрт ойртох ирэх үед тасгийн дарга Б.Гиваан хилчин нөхөддөө “Бид энэ толгой дээр эцсийнхээ цусыг эх орныхоо төлөө өргөхөд гомдох юмгүй. Дайсанд юу ч олзлуулж болохгүй. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн батлах, тэмдэглэлийн дэвтэрээ устга. Хүн бүрт үлдсэн хоёр гар бөмбөгийнхөө нэгийг дайсан руу шиднэ. Сүүлчийнхийг нь дээрэмчдийг өөрсөд дээрээ ирэхээр дэлбэлж дайснаас урьтая” гэжээ. Ингээд батлахаа урж хэдэн хэсэг болгоод чулуун дор нуув.

Дайснууд ойртон ирэхэд тэд ээлжлэн гурван гранатаа шидлээ. Улмаар эцсийн удаа бие биеэ харан тэврэлдээд “Энхрий хайрт эх орон мандтугай” хэмээн зэрэг хашгирав. Ийнхүү эх орныхоо төлөө өргөсөн танагарагаа үнэнчээр биелүүлсэн гурван халуун амь Байтаг богдын уулнаа мөнх нойрссон юм. Гар бөмбөгийн дэлбэрэлтийн хонхорхойд дайсны 37 хүний цогцос байсныг тэр тулааны дараа шалгаж явсан албаны хүмүүс тогтоосон байдгийг зарим ном дурдатгалд бичиж үлдээжээ.
Эх орныхоо төлөө эрэлхэг гавьяа байгуулсан пулемётчин Л.Даваадорж, Б.Тэгшээ нарыг 1949, Б.Гивааныг 1971 онд Улсын баатар цолоор нэхэн шагнаж, дурсгалыг нь мөнхжүүлсэн билээ.

 Г.Орчлон https://gogo.mn/r/37450