/дуусаагүй/ Нийтлэлч Алхан Болд. 94. "Tалийгч" гээд тоохоо больдог..."
2019 оны 8-р сард ОХУ-ын Дорнод Цэргийн тойргын эрлийн баг 1939 онд Халхын голд амь үрэгдсэн 17 цэргийн шарилыг олж хүндэтгэлтэйгээр оршуулав. Халхын голд Зөвлөлтийн 2028 цэрэг сураггүй алга болжээ. Тэнд өнөөдөр 1900-аад цэргийн нь оршуулагдаагүй шарил байх ёстой. Орос Улс тэднийгээ хайсаар байна.
/По данным Института военной истории (ИВИ) советские войска в ходе боев на Халхин-Голе (с 21 мая по 15 сентября 39-го года) понесли следующие потери: Убито, умерло от ран и болезней - 7.632 человек; Погибло в катастрофах - 43 человека; Пропало без вести - 2.028 человек/.
---------------------------------------------------------------------
Таныг нас барангуут "талийгч" гэцгээгээд танихаа больж эхлэнэ. Юун 9 үе. Нэрийг чинь ч хэлэхээс цээрлэдэг. "Талийсан" өвөөгийнхөө нэрийг сонирхоогүйгээ оросууд, социализм, коммунизм руу чихэж мэднэ.
Харамсалтай нь, энэ бол Манжийн үед монголчуудад суулгасан эмгэнэлтэй, хорлонтой араншины нэг. Монголчууд хурдан адууны удам судрыг л бүртгэхээс биш, баатар хөвгүүдээ талийгч гээд тоодоггүй.
1912 онд Ховдыг хятадуудаас чөлөөлөх болоход Дамбийжаа шиг хэрэгтэй хүн Монголд байгаагүй. Гэтэл өнөөдөр харийн харанхуй агуулахад байгаа энэ баатарын толгой Монгол Улсад АНУ-аас авчирсан үлэг гүрвэлийн ясны үртэсийн чинээ, Европоос авчирсан тахийн туурайн чинээ ч үнэгүй байна. Учир нь тэр үзмэр монголчуудад доллар оруулахгүй учраас.
Уг нь Монгол Улс баатарынхаа толгойг авчирч Ховд хотод, үгүй бол төрсөн нутагт нь: Улиастайгаас Хаалган орох замд байх Түшээт хан Аймгийн Бадрах гүний хошуу буюу Дорноговь Аймгийн Мандах сумын нутагт байгаа Ашиг Хоргийн чулуунд авчирч нутаглуулах ёстой билээ.
Үндэстний түүхийн хамгийн зоригтой баатрын нэг-Дамбийжаа буюу Төмөрийн Даваагийн толгойг Монгол Улс хэзээ нэгэн өдөр нутагт нь авчрах биз ээ.
Монголоос бусад ихэнхи улс, үндэстнүүд амь эрсэдсэн дайчин, цэргүүдийнхээ:
-овог, нэр,
-хаана төрсөн он, сар, өдөр,
-хаана амь үрэгдсэн он, сар, өдөр
-ын жагсаалттай, тэр нь нийтийн хүртээл болсон байдаг.
Монголын төлөө яваад амиа алдсан хүн бүр дурсагдах ёстой. Заавал баатар байх албагүй. Амь үрэгдсэн цэрэг бүр нэр, овогтойгоо бүртгэгдэх ёстой. Гэтэл Монгол Улсад тэдний маань нэрсийн бүртгэл хир бий билээ?
Өнөөдөр Монголд 1912 оны Ховдыг чөлөөлөх байлдаан, 1913 Өвөр Монголыг чөлөөлөх 5 Замын байлдаан, Хиагтыг чөлөөлөх байлдаанд амь үрэгдсэн цэргүүдийн нэрс танд олдох уу? Азийн Морьт Дивизийнх мэдээж олдохгүй/устгагдсан байгаа/
Саяхны Халхын Голын байлдаан, Баруун Хил дээрх тулгаралтад амь үрэгдсэн цэргүүдийн нэрс олдох уу? Уг нь, дээрхи жагсаалтууд нийтийн хүртээл болсон байх ёстой билээ.
Google-ээс Халхын голд амь үрэгдсэн монгол цэргийн нэрс- гэж бичээд хайя:
Нэгдсэн бүртгэл Монгол Улсад байдаггүй бололтой. Салангид материалууд, энд тэнд байна. Энэ мэтчилэн:
....1935 оны нэгдүгээр сарын 24-нд МАХЦ-ийн зургадугаар дивизийн 16 дугаар хорооны штабын дарга Дондов, харуулын дарга Лхамсүрэн нар дөрвөн цэргийн хамт Халхын сүмийн районд үүрэг гүйцэтгэж яваад гэнэт японы 17 цэрэгтэй тулгаран байлдаж, штабын дарга Дондов, цэрэг Янживын хамт алагдсан байдаг...http://bpo.gov.mn/content/189
/Анхны мөргөлдөөний тухай Оросын сайтад бичсэн нь:16 января 1939 г. в районе высоты Номон-Хан-Бурд-Обо группа из 5 японских солдат с расстояния около 500 метров обстреляла наряд из четырех пограничников МНР/.
Дондов, Янжив. Энд манайхны нэг дутуу шууд харагдаж байна. Аль аймгийн , ямар сумын, хэний Дондов, хэний хүү Янжив? Хэний хүү Халхын голын эхний тулаанд алагдавыг та мэдэх боломжгүй байна. 9 үеээ мэддэг байсан монголчууд сүүлдээ эцгийнхээ нэрийг ч дурсуулахаа больжээ.
Амь үрэгдсэн битгий хэл, шархаа даалгүй нас барсан дайчид, цэргүүдийнхээ нэрсийг Монгол Улс цуглуулах ёстой. Монголд ноёрхсон "талийгч"-аас цэрвэдэг, "талийгч" -ийг сонирхдоггүй сэтгэхүй маань түүхээ бас талийгч болгосоор ирсэн.
Монголын төлөө амиа өгсөн цэрэг, дайчид бол талийгчид биш. Тэд нэр, овогоо үлдээх эрхтэй. Цалин авж байсан үе үеийн Монголын цэргийнхэн амь үрэгдсэн цэргүүдийн нэрсийг цуглуулах үүрэгтэй байсан. Одоо үеийнхэн цэргийнхэн тийм үүрэгтэй.
Оросод Хаант засгийнх бол нилээд нь олдоно. Харин улаан цэргийнх бол, Халх Голын, Финляндын, Эх орны дайных бол ихэнхи нь олдоно. Японд бол бас бараг бүгд олдоно. Тэдэнд сая сая нэрсийн жагсаалт байна.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.