Monday, December 2, 2013

18. "Энэ хэний нийслэл вэ!?"


Нийтлэлч Алхан Болд.\дуусаагүй, ноорог\No.18. "Энэ хэний нийслэл вэ!?"
/Сөүл-ийн Гудамж, Нан Мян Жү-ийн Гудамж, Чон Гү-ийн Гудамж.../
Улаанбаатар дахь нэр, хаягыг харахад Монголчуудыг 220 жилийн турш Манж-Хятадын дарлалд, 70 жилийн турш Зөвлөлтийн нөлөөнд явсан гэмээргүй, харин Английн колони байснаа нийслэл нь төвөөсөө корей, захаасаа вьетнамчуудад эзлэгдэж эхэлсэн мэт болов. Улаанбаатар дахь нэр, хаягууд монголчуудын толгой доторхийн тусгал бол энэ үндэстэн оюуны санааны хувьд тусгаар тогтноогүйн  илэрхийлэл. Оросуудад дургүй ардчилагчид маань "-Монгол бол Зөвлөлтийн колони  байсан- гэж хараах дуртай.  Лениныг үхсэнээс хойш ЗХУ-г голдуу грузин, еврей, армян, польш, украйнчууд удирдсан ч нүгэл нь оросын ард  түмэнд тохогдон хоцорсон. Яргачин Сталин бол орос хүн огт биш, харин Иосиф Виссарионович  Жугашвили гэгч грузин байв. Сталины үеийн Зөвлөлтийн 2-р хүн бол Берия гэх грузин яргачин байв.
Монголыг 1921 оноос 1990 он хүртэл Оросын дарлалд байсан хэмээн ардчилагчид сургадаг. Гэтэл тэр үед оросоор бичсэн хаяг Улаанбаатарт өдрийн од шиг цөөн байсан. Тэр ч бүү хэл, Ирина, Борис мэтийн орос нэртэй хүмүүсийг монгол нэртэй болохыг шаарддаг байсныг олон хүн санах байх. Тусгаар тогтнолоо сэргээсэн гэх монголчууд 1990 оноос нийслэлийнхээ монгол нэр, хаягуудыг халж жинхэнэ колони орных шиг болгов. Саяхан нэг сири хүн -Улаанбаатарын нэр хаягт монгол гэх юм юу ч алга- хэмээн гайхаж байв. Хуралд оролцохоор ирсэн хэдэн хүн  Улаанбаатарт монгол ресторан байна уу, бид олсонгүй -хэмээн бухимдан явав. Модерн номадс гэх англи нэртэй монгол ресторанаас өөр манайхны гэчихмээр юм бараг алга. Монгол ресторанууд хотын зүрхнээс шахагдан хөдөөлж, нийслэлийн маань төвийг харийнхан бүрэн эзэгнэжээ. "Солонгос ресторан", "Korean Restaurant" гэх хаяг Улаанбаатарыг эзэлжээ. Дэлхийд корей хоол ийм алдартай бил үү?!
Монгол Улсын нийслэлд хаягууд зөвхөн англиар, эсвэл дээр нь англи, корейгоор, доор нь монголоор  бичиж бид өөрсдийгөө доромжилж, цагаачдаар биднийг доромжуулж байна. Марко Поло гэх бичиг үсэг суралгүй 1324 онд өнгөрсөн итал хүн 687 жилийн дараа 2011 оноос Чингис Хааны Талбайн зүүн урд баахан ном, дэвтэр сугавчилчихсан өглөөны нарыг халхлан зогсдог болов.

Хотын захын жижиг дэлгүүр хүртэл "open", "closed", "sale", "off"... гэхчлэн бичдэг болсон. Зөв дуудаж чадахгүй ч гадаадаар хаягаа  хадчихвал монгол хүн пээдгэр болж, таашаал авдаг бололтой. Үнэндээ бол, өөрийнхөө биш, харин хүний юмаар бие биедээ гайхуулдаг монголчууд өрөвдмөөр.
Лам нь монголоор уншвал Ганданд очих хүн олдохгүйтэй адил юм уу даа. Ойлгохгүй юм сонсоод л монголчууд сайхан болдог. Өөрсдийгөө бид хүндлэхгүй байхад харийнхан ингэтлээ даврахгүй яах юм? Харийнхан болон тэдний хамсаатнуудыг 1-р зэргийн хүн, монголчуудаа 2-р зэргийнх гэсэн санаа Улаанбаатарын нэр хаягуудаас тодхон харагддаг.

Ямар ч монгол хүн, жишээ нь, хөдөөнөөс ирсэн малчин нийслэлийнхээ хаягуудыг саадгүй ойлгох эрхтэй. Улсынхаа нийслэлд төөрөхгүйн тулд орчуулагч хөлслөх, англи хэл сурах ял түүнд байхгүй!!!

Монголчууд эх хэлээ уландаа гишгэж байхад Монгол Улсад тухалсан цагаачид  монголоор бичих шаардлагагүй гэж болж хаалганы бариулаас өгсүүлээд шаланд нь ч корей, англи, хятад, японоор бичсэн газруудад монголчууд орлого оруулж өөрсдийгөө доромжилж байна.
Тэд гэртээ байгаа юм шиг, бид тэднийд байгаа юм шиг болсоор байна.

Гэтэл хэдэн жилийн өмнө Монголын нийслэл хятад, солонгос  хаягуудад эзлэгдсэнд дургүйцсэн хэсэг хөвгүүд зарим газрыг түйвээсэн билээ. Өмнө нь нөгөө залуус, хотын удирдлагуудад даварсан хаягуудыг болиулах талаар шаардлага тавиад тусыг эс олсон гэдэг. Залуусын үйлдлийн маргаашаас хотын удирдлагууд харь бичигтэй үй олон хаягуудыг 1-2-хон хоногт бүрэн буулгуулснаар, Монгол Улсын нийслэл буцаад Монголын нийслэл болсон билээ. Тэр залуус өөрсдийгөө золиослон хөдлөөгүй бол аягүйтвэл Улаанбаатар хот өдийд Бээжин, Сеүлийн дүүрэг мэт болчихсон байх байсандаа. Үндэстэн битгий хэл өчүүхэн цох хорхой хүртэл эх нутагтаа эзэн хэвээр байх дуртай. Харийнханд басамжлуулж байгаагаа анзаараагүй дүр эсгэн, зөвхөн хар амиа хичээн суусан монголчуудынхаа өмнөөс хийсэн тэр тэмцлийнхээ төлөө уг хүүхдүүд Ганц худагт хэдэн сар хоригдсон нь гайхалтай. Бид бусдаар, бусдын хүүхдүүдээр тэмцүүлж үр шимийг нь хүртэх дуртай бэртэгчид болсон бизээ. Өөрийн үндэстний эрх ашгийг 1-рт тавьдаг улс оронд бол хөвгүүд шууд цагаатгагдаж, тэр ч бүү хэл сайшаагдах байсан бизээ. Харин хуулиа хэрэгжүүлээгүй эрх баригчид болон хүний нутагт эзэн суухыг завдагсад хариуцлага хүлээх ёстой байв. Тэр цагаас хойш хятадууд ханз үсгээрээ хаяглахыг оролдсонгүй, харин солонгосууд дахиж энд тэндгүй хаягаа солонгосоор бичиж эхэлсэн харагдах боллоо.

Монголчуудынхаа гени, аюулгүй байдал, эдийн засаг, соёл, хэлийг хамгаалах үйлсийг зохион байгуулахын тулд л Монгол Улсын төр, засаг оршиж буй гэх.  Гэтэл тэд монголчуудаа  англи хэлжүүлнэ гэнэ. "Согтуу хүнд архи бүү үзүүл, сохор үхэрт худаг бүү үзүүл" гэж үг бий. Гадаадаар "согтсон" монголчууд тэгвэл монгол хэлээ устгаж дуусах  биз. Энэтхэг, Сингапурыг дууриаж байгаа бололтой. Монгол бол олон үндэстний улс биш, харин тэд бол аргагүй. Английн колони байсан Энэтхэг олон зуун сая үнтэй үндэстнүүдээс бүрэлдсэн улс.  Тамил хүн Хиндү хүнтэй хинди хэлээр нь ярьвал өөрийгөө доош нь хийсэн мэт, Пенжаб хүн, Тамилтай хэлээр нь харьцаж жижгэрэхийг  хүсэхгүй тул, энэтхэгчүүд хэнийхээ ч биш, англи хэлийг хоорондоо харьцах, төрийн  хэл болгож авсан юм. Сингапурт хятад, энэтхэгийн тамил гэсэн шал өөр 2 үндэстэн байдаг учраас  хэнийхээ ч биш англи хэлийг төр, бизнесийнхээ хэл болгосон.

Жишээ нь, Хельсинкэд гадаадын нийслэл, хотын нэртэй нэг ч гудамж байхгүй. Финүүдэд их тус хийсэн Оросын Александрын Талбайгаас бусад гудамж талбай нь  Финляндын нутаг, суут хүмүүсээр нэрлэгдсэн. Хельсинки-д хаягууд фин, швед хэл дээр\төмөр замын буудлаас бусдад нь\. Шинэ Зеландын Веллингтонд Куба гэсэн гудамж байдаг нь уугуул маори нэр. Норвегийн Осло-д гадаадын гудамж алга. Варшавт бараг бүх хаяг польшоор, Манила-д зөвхөн Тайландын гэх хэмээн англи, филиппинээр бичсэн ганц гудамж бий. Астана-д Гейдар Алиевын гудамжнаас өөр гадаад юм алга. Астана-ийн хуучин хороололд л Москва нэртэй жижиг гудамж бий гэнэ.
Монголчууд нийслэлээ улам харьжуулж байхад, харин 180 жилийн түүхтэй Акмолинск, Целиноградыг\Зөвлөлтийн үед\ казакууд 1998 онд Астана болгосноос хойш улам казакжуулж буйн заримаас дурьдвал:
-Улица Ленина- Абай Кунанбаев Көшесi,
-Карл Маркс-Кенесары,
-Буденный-Коркыт,
-Сакко и Ванцетти-ынхийг Букейханы ,
-Авдеев- Чокан Валиханов,
-Улаан туг -ыг Джанбосынов,
-Лихачев-ийг  Жубанов,
-Щербаков-ыг Алимжанов,
-Монина-ыг Акжайык,
-Лермонтов-Ильяс Омаров,
-Жуковский-г Байсекбаев,
-Куйбышев-ыг Баянауыл,
-Комсомольская-Желтоксан,
-Проспект Победы- Женис,
-Улица Мира-   Бейбитшилик Көшесi ...

Харин Улаанбаатарт:
-Монголынхоо их зохиолч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржоос  гудамжийг нь булаагаад Корейн Сеүлд,
-Монго Улсын Баатар Нэхийтийн Гудамжийг бас булаагаад  Корейн Нан Мян Жү-д,
-Цэцэрлэгт Хүрээлэнээ Туркийн  Анкара-д өгчээ.
Улаанбаатар бас Токиогийн Гудамж, Денверийн Гудамж, Бээжины Гудамжтай болжээ.
-Монголын алдарт дайчин Амарсанаагаас  гудамжийг нь булааж авсан Чүн Гү-г монголчууд бид  мэдэх үү? Корейд байдаг хүн, уул, тахиа, шувууны аль нь байв ч  монголчуудад хамаагүй. Өвөг дээдэс, баатаруудын маань урдуур Монголд хэн,  юу ч гишгэх эрхгүй. Тэмүүжины анхны нөхөр, их жанжин, хүлэг Боорчийн нэрэмжит гудамж, ордон, талбай Улаанбаатарт байна уу? Байхгүй. Машин угаадаг газар л байна. Их баатар Мухулай, Зэв, Борохулын нэрэмжит юу ч алга. Их Хааны маань эцэг, эх, дүү, ач, хүлэг баатарууд Эзэн Чингис Хааны мааань эцэг Есүүхэй Баатар,  эх Өүлүний гэх юу ч үгүй Улаанбаатарт  монгол хүн мэдэхгүй, танихгүй Чүн Гү гээч заларсны нууц нь юу вэ?! Манай дарга нарын дунд нийслэлийнхээ гудамж, талбай, орд харшийн нэрийг харийн улс, компаниудад худалдах гээч том бизнес гараад удаж байгаа бололтой.

Ихэнхи нь уйгар гаралтай тува нар Кызыл нийслэлдээ монгол Субээдэй Жанжины нэрэмжит спортын ордонтой болжээ. Уйгар байснаа санасаар  тэнгэрт хальсан тува настнууд битгий хэл, Хөвсгөлийн тайгын цаатнууд ч уйгарууд гэдгээ мартаагүй байна лээ. Тэд урианхайн Сүбээдэй Жанжинд түй хамаагүй. Харин тува залуус дэлхийн хэмжээний өвөө нарыг хөөцөлдөх болж. Хүлэг баатрууддаа биш, 9 шидийн харийн юмнуудад өндөр цамхаг, том ордон, өргөн гудамж, талбайгаа бэлэглэсээр байх хооронд маань, дээл, бөх, хамаг юмаа монголчуудаас авсан тувачууд одоо бог, бод мал битгий хэл, баатруудыг маань ч тууж одох нь. Казакууд ч...

Улаанбаатар, Энхтайван, Олимп, Жуулчин гэх утгагүй нэрүүдийг халж, монголчуудынхаа төлөө явагсадын нэрээр солих хэрэгтэй болжээ. Улаанбаатарыг Есүүхэй Хот, Энхтайваны Өргөн чөлөөг Бөртэ-ын, Жуулчны гудамжийг Бэлгүүтэйн, Сеүлийн Гудамжийг Боорчийн, Анкара-ын Цэцэрлэгийг Өүлүн Эхын, Олимпийн Гудамжийг Зэбэ-ын, Нанмянжугийн Гудамжийг Мухулайн, Чүн Гү-ын Гудамжийг Амарсанаагийн, Энэбишийн Өргөн чөлөөг Борохулын... гэх мэтчилэн нэрлэх хэрэгтэй.

Буянт Ухаа цогцолбор гэж жижгэрч байснаас бид Хавт Хасарын болгох хэрэгтэй. Энх Тайваны нэрээ дайнч Аль-Кайда, америк, израйлуудад бэлэглээд өөрсдөө  Бөртэ-ийн Өргөн чөлөөтэй болох. Улаанбаатар гэх хачин нэрийг Есүхэй-гээр сольбол бүр сайн. Хамгийн өндөр, хамгийн том бүр Монголын нийслэлд монгол нэртэй байх ёстой.

Гаднын жуулчид "Монголын хүн амын хэдэн хувь нь корей, вьетнам бэ? гэхчлэн асуудаг болсонд бид гайхах, бухимдах хэрэггүй болжээ.

.Сүүлийн жилүүдэд Монгол Улс, түүний нийслэл Улаанбаатарыг үгүйсгээд байгаа мэт  “Seoul”, "Seoul”, “Seoul”, “Seoul”, “Seoul”, “Seoul”, “Seoul”, “Seoul”, "Korea", "Korea", "Korea", "Korea", "Korea"...гэх гудамж, байгууллага, үйлчилгээний газрууд үй олон болов. Монголд борооны дараах мөөг шиг олширсоор байгаа "Korea", "Vietnam" гэх хаягууд бол эзэлсэн газартаа тэдний хатгасан тугууд мэт.

Удахгүй Бээжины гудамжтай болно гэнэ. Тэднээр тохижуулсны төлөө гэнэ. Хувцас бэлэглээд л хүүхдэд нь нэрээ өгч болох уу? Гадаадын улс төрийн тагнуулчид УБ дахь хаягаас монгол хүний толгой доторхийг: харийг шүтсэн, харийнханыг давруулсан хүмүүс амьдардагыг мэдэж болно. Харийнхны мөлхөө түрэмгийлэлд үйлчилж байгаа нь яасан эмгэнэлтэй вэ?  Нийслэлд харийн нийслэлийн нэртэй гудамж байж бүүр ч болохгүй. Эд монголчуудыг хүндлэхгүй нь ойлгомжтой болсон тул бид өөрсдөө л өөрийгөө хамгаалах хэрэгтэй болжээ. Та бид Бээжин эсвэл Сеүлд суурьшаад даварч чадах уу? Харамсалтай нь, тэнд ганц ч цагаачийг  нэг ч хоног давруулдаггүй, өөрөөр хэлбэл, зочдоо зочдоор нь, гэрийн эздээ гэрийн эздээр нь байлгадаг зөв дэг журамтай нийслэлүүд. Токиод “Шинэ Хятад”, “Шинэ Бээжин гэхчлэн хаягууд байвал япончууд эмзэглэхгүй юү?
Эскимос, индиануудын нутгийг европчууд эзлээд Канадыг байгуулсан. Гэтэл франц хэлтнүүд Квебек мужийг тусгаар улс болгох гэж зүтгээд байдаг. Квебек мужид франц хэлийг мөрдүүлэх  хэлний цагдаа гэж бий. Энд франц хэлийг дээдлэх хуультай. Саяхан нэгэн итали рестораны хоолны цэсийг хэтэрхий их итали үгтэй байна хэмээн гэсэн мэдээлэл иргэдээс ирээд хэлний цагдаа очжээ. Тэд pasta, bottiglia зэрэг үгнүүдээ солихыг шаардаж. .http://www.theguardian.com/world/2013/mar/01/quebec-language-police-ban-pasta  Ирээдүйд монголоор хаягаа бичээд хэрэгтэн болж байх вий дээ, үр хойчис минь. Бас Латви, Литов, Эстонид хэлний байцаагчид бий. Аргагүй шүү дээ, эд нар бол нутагтаа суугаа хүмүүсийн улс. Францын Соёлын Яамыг хэлний цагдаа ч гэдэг.

Ирээдүйд, Улаанбаатар эргээд монголчуудын нийслэл шиг болох уу, эсвэл дэлхийн цэнгэлдэх байх уу, аль эсвэл Сеүлийн дүүрэг болох уу, Ханойн дүүрэг болох нь уу?

Англиар бичсэн нь харийнхныг шүтдэг монголчуудынх, харин солонгос, вьетнам хаягууд нь хэний "ажил" вэ?

Ж. Бат-Эрдэнэ бичсэн нь: "Тиймээ, муу солонгосуудаас хахууль авсан хотын захиргааныхны хийж байгаа ажил. Юу вэ, энд тэндгүй л солонгос гудамж. Чүн Гү гудамж, Сеүлийн гудамж, Нам Жу гудамж ч бил үү, юу вэ. УБ одоо солонгос юм уу. \http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=31&t=144616\

"13-р хороолол солонгосуудын эзэмшлийнх":
"...Энд бяцхан тооцоо хийж үзэхэд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн ард байх “Улаанбаатар” дээд сургуулийн гэсэн тодотголтой газрыг бүхэлд нь нийлүүлбэл нэг байтугай орон сууцны хороолол босчих хэмжээний том талбайг манай эрх мэдэлтнүүд солонгосчуудад өгсөн байгаа юм. Мөн энэ газарт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг барьчихвал дээд боловсрол олгох нэрээр монголчуудын халаасыг суйлж буй хангүг ноёдоос илүү олон хүнд буян болно гэдгийг жирийн иргэд ярьж байгаа. Зөвхөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа л гэхэд дүүргийнхээ хэмжээнд 5-6 цэцэрлэг барихаар хөрөнгө мөнгийг нь шийдчихээд байхад газар олдохгүй байгаагаа учирласан байсан. Иймээс их хотын минь нэрийг зээлдэж, бизнес хийсэн хангүг ноёдын авсан газрын зөвшөөрлийг хотын удирдлагууд дахин нэг эргэн харж, шалгаад хэрэв хууль эрх зүйн үндэслэл нь байгаа бол Улаанбаатарынхаа газрыг солонгосчуудаас эргүүлэн авч улаанбаатарчууддаа ашиглуул­маар, цэцэрлэг сургуулийн барилга барьж ашиглалтад оруулмаар санагдсан. Хэрэв тэгвэл энэ жил цэцэрлэгт орж чадаагүй үлдсэн гэх 80 мянган хүүхдийн цөөн хэд нь ч болтугай гэртээ цоожлуулахгүй, аав, ээж нь арагшаа зовохгүй ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээх боломжтой болох юм...Нийслэлийнхээ нэрийг харийнханд өмчлүүлдэг улс манайхаас өөр байхгүй...".\ http://www.aravt.mn/content/7647/.htm\

Г.Мөнхнасан: "...Заримдаа би ер нь хаана явна вэ гэх бодол толгойд зурсхийн орж ирдэг болоод удав. Нэг л харь газар, хүний хотоор сэлгүүцэх мэт. Хажууханд “Гуашин” ресторан харагдана. Ялимгүй наашилбал буюу Баруун дөрвөн замын уулзварт нэгэн бяцхан хөшөө тавьчихаж.
“Ард Аюуш”-ийн гэх цэгт босгосон хөшөөнцрийн алдар нь “Чун-Гу”-гийнх юм байна. Монголын түүхэнд Ард Аюушаас маань илүү үүрэгтэй нөхөр бололтой. За тэгээд IV хороолол руу өгсвөл баруун гар талд “Tae Jo Young” зоогой байх.
Тэр хавь тэр чигтээ эрээн мяраан агаад бараг бүгдээрээ харь нэртэй ажгуу. Зүүн дөрвөн замаар зорчихуй “Нам Ян Жу”-гийн гэх бөөрөнхий чулуун хөшөө буй. Хаа хүрдгийг нь мэдэхгүй юм.
Ямар ч байсан дээрх нэртэй гудамж үргэлжлэх бүлгээ. Сансар хорооллын баруун, зүүн этгээдийн нэрс бүхэлдээ хятад, солонгосоор холилдон бичигджээ. Ерөөсөө Бээжингийн болон Сөүлийн хаа нэгтээ яваа мэт санагдах авай. Үе үе дотор чичирч, бие агдгасхийж байлаа. Дотор ихэд бачуурч, давчдсаныг ийн илэрхийлэв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн/Хүүхдийн парк/-д “Сөүлийн цэцэрлэг” уржигдархан бий болов. Удахгүй Бээжингийн гудамжтай болно гэсэн. "Чайна таун", "Кореан таун" гээд л хотын төвөөс Туул голын эргээр битүү, бөөс, хуурс мэт шивжээ...". \http://www.bataar.mn/10012759\

Улаанбаатарынхаа хэрхэн Сеүлжиж байгааг \http://altainxuu.blogspot.com\ бэртэгчин монголчууд бид хараагүй  дүр эсгэн гөлөн гөлөн алхацгаана.

Монголчууд болон гадаадын жуулчдын халаасыг, Улаанбаатарт борооны дараах мөөг шиг олширсон харийн эзэдтэй гуанз, ресторан, зочид буудал, шөнийн клуб, жуулчны газрууд л өдөр шөнөгүй "сааж" байна шүүдээ. Гадаадын аливаа нэг улс, үндэстний ийм газруудын тоонд одооноос хязгаар/квота/ тогтоож өгөхгүй бол Монголын нутагт "зочдын" ач гуч нар ирээдүйд эзэд, ноёд, эрхэм гишүүд, ерөнхийлөгч болчихсон, харин монголчууд бидний үр сад "эрхэмүүдийн" ширээг нь арчиж шүхрийг нь барьж, гутлыг нь гялалзтал тослоод сурчихсан тэр ч бүү хэл, биеийг нь хамгаалж бусад монголчуудтайгаа хэмх зодолддог болчихсон шогшиж явах вий.

"...Entering the city, our attention wais immediately arrested by the imposing temples, conspicuous in their colours and gilt ornamentation, which constitute one of the principal features of Urga.
This part of the city is the Kuren, in Enclosure, from which the whole takes its various names — Urga by a Russian mispronounciation, and the Chinese Kulun, through the Chinese inability to pronounce the Mongol name. It is the nucleus of the modern settlement and the end of many long. religious pilgrimages, being the seat of a Buddhist potentate who ranks third in the Tibetan hierarchy and first in the temporal affairs of all the Mongols. In Kuren the lama is supreme. This entire quarter of the city of Urga is devoted to monasteries, lama schools, temples, and the tombs of the saints, and no layman is allowed to take up permanent resi- dence within its limits. The tombs, unique in design and construction, attract the newcomer's attention and divide it with the hordes of idle lamas, whose robes of yellow and scar- let add colour to what would otherwise be a drab and monotonous scene..." page 31, 32, "Old Tartar Trails” by A. S. Kent"
 \үргэжлэл бий\

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.