119. Нийтлэлч Алхан Болд. "Бусдаар тэмцүүлэх араншин".
Бэртэгчин араншины тод илрэл нь:
"Таны тэмцэлд амжилт хүсье"
"Та нарын тэмцэлд амжилт хүсье!"
Бусдаас илүү тэмцэх ял хэнд ч байхгүй. Монголчуудын бусдаар тэмцүүлэх араншинд ясандаа тултал гомдсон хүн бол Дамбиижаа буюу Төмөрийн Даваа.
/Дамбийжаа Улиастайгаас Хаалган орох замд байх Түшээт хан аймгийн Бадрах гүний хошуу, Ашиг хорогийн чулуу гэдэг газарт төрсөн гэдгээ А.В Бурдуковт ярьсныг "Хуучин ба Шинэ Монголд" номоос уншиж болно. Энэ газар Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байдаг нь газрын зурагт харагдана/
1912 онд Ховдыг чөлөөлөх болоход Дамбийжаа шиг хэрэгтэй хүн байгаагүй атал, Дамбийжааг хүний нутагт ядарч явахад/1914-1918/ нь түүнд туслах сэтгэл Өргөө, Ховдын монгол ноёд, баячуудад байсангүй. Түүнд Монголоос А.В Бурдуков гэдэг орос хүн л мөнгө илгээн тусалж байв.
Оросод хэдэн жил нутаг заагдаад байх үедээ Дамбийжаа Бурдуковт бичсэн захидлуудаас иш татъя:
Эрхэм хүндэт Алексей Васильевич,
Танд болон таны гэр бүлийнхэнд сайн сайхан бүрийг хүсэн ерөөе. Бурхны авралаар би эсэн мэнд сайн байна. Надад итгэж, чин сэтгэлээсээ хандаж байгаа танд би маш их баярлаж байна. Монгол дахь миний танил, нөхдийн дотроос та л надад хамгийн түрүүнд захидал бичиж, үнэнхүү өрөвдөн хандсанд би маш их баярласан, үүнийг тань би хэзээ ч мартахгүй. Эхнэрт тань би гүнээ мэхийн ёсолж байна. Миний бие 2 жилийн турш хятадуудтай тулалдаж, эх орноо Хятадын дарлалаас ангижруулан Монгол Улсад асар их буян үйлдэж явахдаа суманд өртөн Монголын төлөө амь насаа хайрлаагүй атлаа ийнхүү зовж шаналж байгаадаа тун ч гомдолтой байгаа билээ. Энэ жил намайг цагдаагийн хяналтаас гаргаж байгаа ч би Монголд очихгүй. Эх орондоо сайн үйл л бүтээж явснаас биш муу юм хийж яваагүй атал, миний эх орон намайг арга ядаж байхад огтхон ч ойшоож, хамгаалж өмгөөлсөнгүй. Алтай нутгийнхныг гэгээрсэн хүмүүс болоосой гэсэндээ би сургууль хүртэл байгуулж байсан атал Алтайнхан ч, нийт Монгол ч намайг огт өмгөөлсөнгүй. Танайд хэсэг сууж, Aлтайнхны хэлийг судалж байсан профессор сая 6.28-нд Астраханьд надтай уулзаж, Монголын талаар зарим нэг зүйлийг хэлж өглөө. Астраханьд юм бүхэн үнэд орсон...үйлдвэрийн бараа гэж огт харагдахгүй болоод байна... хүн бүрд сард 2 фүнт гурил, 5 фүнт цагаан будаа ноогдуулон хуваарилж байна. 6-р сард би танд хэдэн зураг явуулсан, одоо уран сайхны хэдэн зураг явуулж байна. Надад өгүүлэхээр таны явуулсан мөнгийг шууданаар илгээсэн тухай цахилгааныг Ховдын консулын газраас авснаа Губернын консул надад мэдэгдлээ. Танд болон Консулд маш их баярлаж байна. Таны дотнын анд хэвээр байгаа Дамбийжанцан лам. 1917.6.30
-----------------------------------